Орон нутгийн замд хунгарласан цасыг цэвэрлэж, үнс, давс цацаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-21 14:56:57

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.


Гэсэн хэдий ч шуурхай ажлын хэсгүүд Эрдэнэт Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацан, мөсжсөн хэсгийг цэвэрлэж, Налайх Тэрэлж чиглэлийн замын 39-41 км-т Горхийн даваанд гараар давс, үнс, хайрган хольц цацаж байна.


Мөн Өндөрдов, Зуунмод, Налайх чиглэлийн авто замын хөвөө, зорчих хэсэгт тогтсон цасыг хусаж, бодис цацсанаас гадна Дархан Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд хунгарласан цасыг авто ачигчаар арилгаж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлэв. Түүнчлэн, Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацаж, Нөмрөг, Сонгино, Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 км-ын зорчих хэсэгт хунгарласан цасын хусаж цэвэрлэж байгаа аж. Өнөөдөр 10.00 цагийн байдлаар орон нутгийн 21 чиглэлд 54 тээврийн хэрэгслээр 1610 зорчигч зорчиж явжээ. 

Холбоотой мэдээ