Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ Армени улс мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-23 10:26:57

ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 23 /РИА Новости/.  Хамтын аюулгүй байдлын гэрээ нь Арменийн хувьд үйлчлээгүй учраас манай улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ОДКБ/ үйл ажиллагаанд оролцохоо зогсоож байна гэж Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян телевизийн France24 сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.  


“Ялангуяа 2021-2022 онд уг гэрээ Арменид үйлчлээгүй бөгөөд үүнийг бид анзаарахгүй өнгөрч чадахгүй. Тус байгууллагын үйл ажиллагаанд оролцохоо бид зогсоож байна, цаашид юу болохыг харцгаая” гэж тэрбээр хэлсэн байна.


Гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн Армений эрх баригчид ОДКБ ба Орос улсыг хэдэнтээ буруутгасан юм. Тухайлбал, Арменийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян өнгөрсөн сард хэлэхдээ “тус байгууллагаас хүлээх ямар ч зүйл бидэнд алга, учир нь, 2022 оны 9 дүгээр сард Армени руу өргөн хэмжээгээр халдан довтолж байх үед тус байгууллагын зүгээс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй” гэжээ.


Түүнээс гадна, Ерөнхий сайд Н.Пашинян өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ОДКБ-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан байна.   


Тус байгууллагын бүрэлдэхүүнд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан гэсэн зургаан улс багтдаг.


Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хэлэхдээ, ОДКБ-гийн хүрээнд явуулж буй оператив ба байлдааны бэлтгэлийн хамтарсан ажиллагаанд Армений тал оролцох нь чухал гэдгийг онцолж байсан юм.


Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков ОДКБ дэх Армений оролцооны тухайд ярихдаа, бид армени нөхөдтэйгээ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэлээ.

 

Холбоотой мэдээ