ДУНДГОВЬ: Санхүүгийн аудитад 208 байгууллагыг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-26 12:12:10
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын мэдээлснээр 2024 онд санхүүгийн аудитад 208 байгууллагыг хамруулж, 124 байгууллагын санхүүгийн тайланд санал дүгнэлт өгөх, 84 байгууллагын санхүүгийн тайлангийн аудитыг хэсэгчлэн гүйцэтгэхээр төлөвлөжээ.  


Харин 2023 онд 210 төсөв захирагчийн санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийжээ. Мөн нэгдсэн удирдамжийн дагуу 3, өөрийн санаачилгаар нэг гүйцэтгэлийн аудит, 5 нийцлийн аудит хийснээс гадна орон нутгийн 2024 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитыг мөн хэрэгжүүлсэн байна.


Өнгөрсөн онд төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 39 төсвийн байгууллага, 17 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 32 тусгай зориулалтын сан, 15 сумын нэгтгэсэн тайлан нэгтгэгдсэнээс 63 байгууллагыг аудитад хамруулан, 41 санхүүгийн тайланд дүгнэлт өгсөн байна. Ингэхэд 36 санхүүгийн тайланд “өөрчлөлтгүй”, Цагаандэлгэр, Хулд, Дэрэн, Эрдэнэдалай сумын нэгтгэсэн тайлан, Хулд сумын ЗДТГ-ын санхүүгийн тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ.  


Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 5,430.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 2,823.2 сая төгрөгийн 111 алдааг аудитын явцад залруулж, 183.4 сая төгрөгийн зөрчилд 70 төлбөрийн акт тогтоож, 1,480.6 сая төгрөгийн зөрчилд 121 албан шаардлага, 943.1 сая төгрөгийн алдаа, зөрчилд 49 зөвлөмж өгсөн байна.


2023 онд хийсэн нэгтгэсэн тайлан тайлангийн аудитаар илэрсэн зөрчлийн дүнг өмнөх оныхтой харьцуулахад нийт зөрчил 1,002.6 сая төгрөг, залруулсан алдааны дүн 1,507.4 сая төгрөгөөр буурсан ч төлбөрийн актын дүн 66.7 сая төгрөг, албан шаардлагын дүн 38.3 сая төгрөг, зөвлөмжийн дүн 399.8 сая төгрөгөөр тус өссөн үзүүлэлттэй байжээ.


Нийт зөрчлийн 23,9 хувийг бараа материалын данс, 17,5 хувийг нягтлан бодох бүртгэл хөтлөлт, 14,2 хувийг мөнгөн хөрөнгийн данс, 12,7 хувийг хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой зөрчил эзэлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ