Метро бариулах олон улсын нээлттэй тендерийг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-29 14:01:54

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл МЕТРО байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх /PMC-Project manаgement cоnsulting/, Гүйцэтгэгч компанийг EPC+O гэрээний нөхцөлөөр сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “Бид ТЭЗҮ-д үндэслэж метроны чиглэлээ тодорхойлно. ТЭЗҮ-ийг Японы эрдэмтэн, судлаачид хийсэн. Тиймээс урьдчилан ТЭЗҮ-ийн дагуу EPC гэх тендер сонгон шалгаруулалтыг зарлана. Маргааш төслийн зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулна. Гуравдугаар сарын 4-7-нд эрчим хүчний чиглэлээр хэд хэдэн байгууллагатай уулзалт хийнэ” гэлээ.


Метротой болох нийт төсөвт өртөг 181.9 тэрбум төгрөг. Тухайн онд санхүүжих төсөвт өртөг 54.6 төгрөг байна. Тендерийн баримт бичгийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагаас өмнө хүлээн авч, тухайн өдрийн 11:10 цагт нээх юм байна.


Төслийн хүрээнд Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна. 10-р хорооллоос  Толгойт руу ил замаар хүрнэ. Метроны замыг газар доогуур явуулах нь ил явуулахаас 10 дахин их өртөгтэй гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнууд ч метрог ил, далд замыг хослуулан хийсэн байдаг. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн урьдчилсан ТЭЗҮ-д мөн ил, далд замтай барихаар тусгасан байдаг аж.  

Холбоотой мэдээ