Уул уурхайн салбар туслан гүйцэтгэгчдээрээ дамжуулан эдийн засагт үр өгөөжөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-04 17:44:11

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсад 2010 оноос хойш уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө орж ирснээр, Оюутолгой зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр тус салбарын үйлдвэрлэл эрчимжиж, эдийн засаг дахь нөлөө 22 хувиар нэмэгдсэн байна

Энэ тухай Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС)-иас өнөөдөр танилцуулсан “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөсудалгааны тайланд дурджээЭнэ талын тоо, баримтыг дурдвал:

  • Уул уурхайн салбараас төлж буй татварын 76 хувийг топ 5 компани бүрдүүлж байна,
  • Салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин өндөр байна,
  • Уул уурхайн салбарын ажилчдын цалин улсын дунджаас 2.4 дахин өндөр байгаа нь 2010 оноос хойш 6.3 дахин өссөн үзүүлэлт аж. 


Нийгмийн нөлөөллийн хувьд:

  • Уул уурхай хөгжсөн орон нутагт эдийн засгийн бусад салбар хөгжих боломж 40-50 хувиар илүү,
  • Уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдийн орлого бусад бүс нутагтай харьцуулахад 50 орчим хувь өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага байна.
  • Мөн уул уурхайн салбар хөгжсөн газар нутагт дэд бүтцийн хөгжил бусад аймагтай харьцуулахад 40 орчим хувиар өндөр байна. 

Энэ мэтчилэн гадаадын хөрөнгө оруулалтын ололттой талууд Монгол Улсын эдийн засаг, нийгэмд сайнаар нөлөөлж байгаа ч манай төр, засгийн салбарын талаарх бодлого, үзэл баримтлал нь хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж байгааг судлаачид хэлж байлаа.

Судалгааны багийн зүгээс:

  • Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдлыг хангах,
  • Эрх зүйн орчныг сайжруулах нь хөрөнгө оруулалтын нөлөөллийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Бодлогын тогтворгүй байдал Засгийн газрын залгамж чанар дээр илүү илэрч буйг судлаачид хэлж байв. Мөн цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Нийгэм, эдийн засгийн хүрээнд улстөрчид уул уурхайн салбарын талаар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг ч, өнөөдрийн судалгаагаар нийгэм, олон нийт уул уурхайн салбарт нийтээрээ сөрөг ханддаггүй болсон гэсэн үр дүн гарчээ. Иргэдээс байгаль орчны тал дээр санаа зовних асуудал гардаг. Хэрэв энэ сөрөг нөлөөг нь бууруулбал уул уурхайн салбарыг хүлээж авахад нийгмийн сэтгэлзүй бэлэн байгаа нь судалгаанаас харагджээ.

Үүнтэй зэрэгцэн харилцан ашигтай байх Монгол Улсын хөгжилд нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчны асуудлыг анхаарсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.


Гадаадын шууд хөрөнгө оруулалт нийт эдийн засгаас гадна уул уурхайн салбараар дамжинн бусад салбарт эергээр нөлөөлөх боломжтойг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн дэд процессор, MBA Ж.Дэлгэрсайхан хэллээ.


Тухайлбал, уул уурхайн салбарт туслан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж буй компани, ААН-үүдийн үйл ажиллагаа хамгийн өндөр өсөлттэй гарсан. Энэ нь уул уурхайн салбар туслан гүйцэтгэгчээрээ дамжуулан эдийн засагт үр өгөөжөө өгч байна гэв. Харин хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг багасгах, хөрөнгө оруулалтыг бууруулах хандлага ажиглагдсан байнаСЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн ахлах багш МА Д.Мөнхцэцэг:

-Уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдлүүлэхийн тулд хайгуулын лиценз олголтыг сайжруулж байж Оюутолгойтой тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ

Хайгуул хийхэд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага. Түүнчлэн иргэдийн зүгээс байгаль орчны тал дээр санаа зовних асуудал гардаг. Хэрэв энэ сөрөг нөлөөг нь бууруулвал салбарыг хүлээж авахад бэлэн сэтгэлзүйтэй байгаа нь судалгаанаас харагджээ

 

Холбоотой мэдээ