АРХАНГАЙ: Малын тоо толгойн албан татварын 2 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарт зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-05 11:42:14

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Малын тоо толгойн албан татварын орлогоос мал аж ахуйн салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг хийжээ.

 

Тухайлбал, аймгийн хэмжээнд 2023 онд малын тоо толгойн албан татварын эх үүсвэрээр хөдөө аж ахуйн салбарын 19 төрлийн ажилд 2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс Мал эмнэлгийн салбарт мал тарилгын хашаа, мал угаалгын ванн барих, мал эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, малын сэг зэм устгах, малын вакцин худалдан авах ажлыг хийсэн байна.

 

Мөн малын эрүүл мэндийг хамгаалахад 834.7 сая төгрөг, малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах чиглэлээр бог малын хээлтүүлэгчийг ээмэгжүүлж, бүртгэлжүүлэн нэгдсэн санд бүртгэх, мал сүргийг үзлэг ангилалд хамруулах, цөм сүрэг бүрдүүлэхэд 60.9 сая төгрөг, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр буюу худаг, цооног гаргах, худгийн засвар, булгийн эх хаших, ногоон тэжээл тариалах, өвс тэжээлийн агуулах барих, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, хадлангийн тоног төхөөрөмж авах, үлийн цагаан оготнотой тэмцэх зэрэг ажилд 1 тэрбум төгрөгийг, малчдыг мэдлэгжүүлэх, мэдээ мэдээллээр хангах сургалт, зөвлөгөөн зохион байгуулахад 100 сая төгрөг нийт 2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Холбоотой мэдээ