Энэ жил 39 хувьцаат компани ногдол ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-03-06 13:53:40

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна гэж хуульд заасан байдаг.


Компанийн тухай хуулийн энэ заалт тухайн хувьцаат компанийн шийдвэр Санхүүгийн зохицуулах хорооны оролцоотойгоор “амь орж” ногдол ашиг хувьцаа эзэмшигчийн гар дээр бэлэн мөнгө болон очих учиртай. Гэхдээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулж хувьцаат компанийн удирдах зөвлөл хуралдан ийм шийдвэр гаргах ёстой юм байна. Гэтэл энэ зохицуулалтыг зарим нэг хувьцаат компани мөрдөхгүйгээр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрийг компанийнхаа байранд гаргажээ. Ийм нэр бүхий хувьцаат компаниудад Санхүүгийн зохицуулах хороо үүрэг даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгуулсан байна.


Компанийн хуулийн зохицуулалтын хүрээнд энэ жил 39 хувьцаат компани 535.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилна. Энэ тоон үзүүлэлт нь 2022 оныхоос өссөн дүн юм.


"Хаанбанк" ХК тэднээс хамгийн их буюу 271 тэрбум 15 сая 822 мянга 500 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваана. Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваах компаниудад "Хаанбанк"-наас гадна Голомт /72,779, 157, 540 төгрөг/, Төрийн /49, 987,371,750 төгрөг/, Богд /3,300,000,000/, Хас зэрэг арилжааны банк багтжээ. Нэр бүхий банкууд ногдол ашиг олгох өдрийг “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш  5-60 хонгийн дотор олгоно” гэжээ.


УИХ 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий арилжааны банкууд хөрөнгийн зах зээлийн зарчмын дагуу хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хэлбэрээ өөрчилж, нээлттэй хувьцаат компани болох суурь тавигдсаныг энд дурдах хэрэгтэй.


Банкнаас өөр чиглэлийн үйлдвэрлэл явуулдаг, үйлчилгээ эрхэлдэг хувьцаат компаниуд ногдол ашиг олгох өдрийг янз бүрээр тодорхойлжээ. Компаниуд энэ оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын 31-ний дотор олгоно гэжээ.


Хувьцаат компаниуд:

  • 2019 онд 112.1 тэрбум,
  • 2020 онд 132.7 тэрбум,
  • 2021 онд 110.5 тэрбум,
  • 2022 онд 150.8 тэрбум,
  • 2023 онд 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэж байжээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар, олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компаниас 10 нь 457.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн хэмээн Санхүүгийн зохицуулах хороо онцолсон байна.


Хувьцаат компани нээлттэй болох нь ногдол ашиг нэмэгдэх нэг эх үүсвэр төдийгүй, үнэт цаасны зах зээлд шударга, ил тод байдал, үр ашигтай, өрсөлдөөн хэвшүүлэх гарц боломж болжээ. Нээлттэй хувьцаат компани нь өөрийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжид худалдаж, компанийг засаглалын хувьд ил тод болох явдал гэнэ. Мөн иргэд хувьцаа эзэмшсэнээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг нээдэг онцлогтой. Зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу цаашдаа олон компани Хөрөнгийн биржээр нийтэд хувьцаагаа санал болгох замаар хаалттай хэлбэрээ өөрчилж нээлттэй болох хэрэгтэй болов.

Холбоотой мэдээ