ДУНДГОВЬ: Эмч, багш нарын 88,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-07 13:02:36
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нийт хүн амын 49,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тус аймаг 46131 хүн амтай, нийт хүн амын 22887 нь эмэгтэй байна.


Эмэгтэйчүүдийн насны бүтцийг авч үзвэл, нас ахих тусам хүн амын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж, эрэгтэйчүүдийн тоо цөөрчээ. Эмэгтэйчүүд:


  • 0-14 насны 13922 хүүхдийн 49 хувийг,
  • 15-19 настай 3531 хүний 48,5 хувийг,
  • 20-34 насны 9601 иргэний 47 хувийг,
  • 35-54 насны 11997 иргэний 49,2 хувийг,
  • 55-69 насны 2920 иргэний 54,2 хувийг,
  • 70-89 насны 1583 ахмадын 59 хувийг,
  • 90-ээс дээш настай 112 ахмадын 73,2 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээгээр тус аймгийн хэмжээнд 14875 өрх байгаагийн 4126 нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй.


Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог авч үзвэл, аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 20 хувь, аймаг, сумын ИТХ-ын хурлын дарга, нарийн бичгийн дарга 31 хүний 48 хувь, 15 сумын ИТХ-ын 295 төлөөлөгчийн 33 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн болон 15 сумын Засаг дарга нарын гурав, Засаг даргын орлогч нарын тав, 68 багийн Засаг дарга нарын 25, сумын ЗДТГ-ын дарга нарын 11 нь эмэгтэй төлөөлөл байдаг.


Харин эрүүл мэндийн салбарт ажилладаг 720 эмч, мэргэжилтний 82 хувь, Ерөнхий боловсролын 19 сургуулийн 514 багшийн 83,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 22 цэцэрлэгийн 211 багш 100 хувь эмэгтэй байна.


Дээрх тоон судалгааны дүнгээс харахад шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн оролцоо давамгай байгаа бол сургууль, эмнэлэг гээд төрийн үйлчилгээний салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн тоо их байна.

Холбоотой мэдээ