ХОВД: Музейг 16 хүртэлх насны хүүхдүүд их үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-07 16:23:11

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Музейн хамт олон энэ сарын 1-7-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, ховор үзмэрүүдийн талаарх мэдээллийг хүүхэд багачууд, иргэдэд танилцууллаа.

Тус музей нь 1950 онд байгуулагдсан бөгөөд одоо 3000 гаруй үзмэр хадгалж байна. Ингэхдээ байгаль-газар зүй, эртний түүх, уран зураг, угсаатны зүй, олон угсаатны хувцас, ерөнхийлөгч, шашин, алдартнууд гэсэн найман танхимд үзмэрээ дэлгэн, төрөлжсөн үзэсгэлэнг гаргадаг.    

Ховдын музейд сийлбэртэй ган дөрөө, хүрэл хутга, зэс домбо, 13 гурван төрлийн тамга, халх эмэгтэйн толгойн гоёл, 200-300 сая жилийн настай чулуужсан мод гэх мэт олон төрлийн ховор үзмэр бий.

Мөн музейн харьяа өв соёлын хүрээлэнг 2011 онд байгуулж, халх, дөрвөд, буриад зэрэг угсаатны бүлгийн онцлог, ёс заншил, түүх соёлыг харуулсан гэр музейг олон нийтэд дэлгэн харуулж байна. 

Музейн үзмэрүүдийг жилд 4000-6000 хүн үзэж сонирхдог байна.

Монгол Улсад музейн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд бүх шатны музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж буй.

Ховд аймгийн музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд "Мөнхөд дурсагдах дайчид" сэдэвт баримт бичгийн үзэсгэлэн дэлгэв. Мөн "Угсаатан", "Бэлгэдлээ бүтээе", "Монгол наадгай" зэрэг боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, "Байтаг богдын баатрууд" үйл ажиллагаа, сургалт, уулзалтыг тусгай хуваарийн дагуу өрнүүллээ.    

Дээрх үйл ажиллагаанд нийт 800 гаруй хүн хамрагджээ. Үүний дотор 16 хүртэлх насны хүүхэд хамгийн олон буюу 563 байлаа.  







 

 

 

Холбоотой мэдээ