Ногоон хөгжил, тогтвортой ойн салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-13 09:31:48

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойн менежментийг бэхжүүлэхээр Европын Хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Засгийн Газартай ойн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Тус санамж бичигт БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар, Европын Хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска нар гарын үсэг зурсан юм. Санамж бичиг байгуулж, Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд ЕХОБ-ын дэмжлэгийг нэмнэ. Ингэснээр Европын Холбооны ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод санаачилгыг дэмжих юм.


БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар, Хамтын ажиллагааны хүрээнд байгальд суурилсан шийдэл ашиглан ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлт, хөдөө аж ахуйн хосолмол байдлаар хөгжүүлэх, агро-ойн байгуулах, ойн салбарт төр, хувийн хэвшил, оролцогч талуудын түншлэлийг харилцан ашигтайгаар бэхжүүлэх хүрээнд байгальд ээлтэй татаасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран сонирхолтой байна” хэмээв.


ЕХОБ-ны дэд ерөнхийлөгч Тереза Червинска, “ЕХОБ, АХБ хамтран Монголын хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх төслийг санхүүжүүлж байна. Энэ төсөл хот хөдөөгийн холболт, тогтвортой хот суурин хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн шинэлэг цогц аргачлалыг хэрэгжүүлэхийг дэмжих юм. Мөн дэд бүтцийг шинэчилж, эдийн засаг, нийгмийн хөгжил, гол хотуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад эерэг нөлөөлнө. Гарын үсэг зурсан санамж бичиг нь ойн доройтлыг бууруулах хамтын ажиллагааны суурь болж, уур амьсгалын чиглэлээрх Монгол Улсын чармайлт, ойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаагаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх болно” гэв.


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, “Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг энэ жил тэмдэглэнэ. Монгол Улсад энэ жил зудын гамшиг нүүрлэж байгаа нь аймаг, сумдын тогтвортой хөгжлийг тэргүүнд тавьсан шинэ арга тогтолцоог хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлага байгааг харуулж байна. Гарын үсэг зурсан төслүүд яг энэ чиглэлээр хэрэгжинэхэмээн онцолсныг БОАЖЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ