БАЯНХОНГОР: Даамын холбооны тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-13 17:09:59

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Баянхонгор аймгийн "Оюуны нүүдэл" даамын клубийн шигшээ багийн тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна.


Тэмцээнд, Баян-Ойт сургуулийн сурагч, "Оюуны нүүдэл" клубийн шигшээ багийн тамирчин Э.Базарсад, Спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал сургуулийн сурагч, "Оюуны нүүдэл" клубийн шигшээ багийн тамирчин Ц.Мөнхбаяр, Баян-Ойт сургуулийн сурагч, "Оюуны нүүдэл" клубийн шигшээ багийн тамирчин Б.Гэгээн-Амарлин, Номгон сургуулийн сурагч, "Оюуны нүүдэл" клубийн шигшээ багийн тамирчин Д.Жаргалтулга нар оролцохоор бэлтгэлээ тус тус хангаж байгаа юм.


Мөн 2024 оны даамын улсын аварга шалгаруулах анхан шатны хагас шигшээ тэмцээнээс спортын мастер Д.Мөнхзаяа, Соого Сейкео сургуулийн сурагч аймгийн “Оюуны нүүдэл” клубийн шигшээ багийн тамирчин Ч.Номингэрэл нар шилдэг 30 тамирчинд багтан дараагийн хагас шигшээ тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.


Баянхонгор аймгийн даамын холбоо нь 2017 оноос төрийн бус байгууллагын статустай болж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд улсын аварга болон ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоор иржээ. Үүнээс дэлхийн аваргын 1 алт, Азийн аваргаас 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 20 гаруй медаль хүртэж, спортын мастер 7, спортын дэд мастер 30 гаруй тамирчинтай болжээ.


2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хүрэл медаль, 2022 оны Монгол Улсын “Шилдэг аймаг”, 2022 оны Монголын даамын холбооны “Шилдэг тамирчин”-аар спортын мастер Ч.Дашпунцаг, 1 дүгээр зэргийн тамирчин Ө.Азжаргал нар тодорсон бол 2023 оны Монгол Улсын “Шилдэг ахмад тамирчин”-аар спортын мастер Д.Мөнхзаяа, Спортын мастер Ч.Дашпунцаг 2022 оны “Оны онцлох тамирчин”-аар тус тус тодорсон байна.

Холбоотой мэдээ