Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн хурд 2023 оныхоос 5.2 хувиар саарчээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-03-14 10:09:30

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 2 дугаар сард 12.2 хувь гарч байжээ. Харин 2024 оны 2 дугаар сард 7 хувь болж, өсөлтийн хурдац нэг жилийн өмнөхөөс 5.2 нэгж хувиар саарсан байна.

Улсын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувиар,
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.5 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.
 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.0 хувь ),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.0 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.6 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлөв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд Улаанбаатар хотод 404, аймагт 313 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Эдгээр бараа , үйлчилгээний 221 нь импортын бараа, энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна.


Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024оны 2 дугаар сард 2023 оныхоос 14.4 хувиар өсөхөд:

  • үхрийн махны үнэ 14.3 хувь,
  • хонь, ямааны махны үнэ 15.4 хувиар,
  • адууны махны үнэ 5 хувиар өссөн нь  гол нөлөө үзүүлжээ.

Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 14.0 хувиар өсөхөд:

  • будааны үнэ 7.2 хувь,
  • гурил 17.3 хувь,
  • талх, нарийн боов 14.5 хувь,
  • гоймон 15.1 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотын хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 2024 оны 2 дугаар сард 82 бараа, үйлчилгээний үнэ 1 дүгээр сараас өсөж, 16 бараа, үйлчилгээний үнэ буурч, 306 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй.


Хотод худалдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны 2 дугаар сард 19206 төгрөг болж, 2022 оны 2 дугаар сараас 19.3 хувиар, 2023 оны 2 дугаар сараас 15.7 хувиар өсжээ.


Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 2 дугаар сард 2426 төгрөг болж, 2022 оны 2 дугаар сараас 73.8 хувиар, 2023 оны 2 дугаар сараас 10.6 хувиар өсөж, 1 дүгээр сараас нэмэгдээгүй.


Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 2 дугаар сард 2390 төгрөг болж, 2022оны 2 дугаар сараас 6.0 хувиар өссөн бол 2023 оны 2 дугаар сар болон энэ оны 1 дүгээр сараас өөрчлөлтгүй.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 2 дугаар сард бүх аймагт 2023 оныхоос 4.6-10.3 хувиар өссөн байна. Архангай аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024оны 2 дугаар сард 4.6 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангай аймагт 10.3 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.


Хэрэглээний сагс: Үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно.


Хэрэглээний бараа, үйлчилгээний жин: Өрхийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь.


Хэрэглээний үнийн индекс: Хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр тооцсон үнийн өөрчлөлтийг харуулна


Хэрэглээний үнийн индексийн сагсны төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах үүднээс хэрэглээний сагс, жинг 5 жилд нэг удаа шинэчилдэг.  Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2018, 2019, 2020 оны дундаж үр дүнгээр жинг тооцон, 2020 оны шинэчилсэн суурьтайгаар 2022 оны 8 дугаар сараас эхлэн тархааж байна.


Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо бараа, үйлчилгээний геометр дундаж үнийг ашигласан. Мөн аймгийн дундаж үнийг тооцохдоо сонгогдсон 112 сумын үнийн мэдээллийг хамрууллаа гэж Үндэсний статистикийн хороо тайлбарлажээ.

Холбоотой мэдээ