Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-19 09:19:56

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв JOVAC-аас нэг сая тун вакцины тусламжийн түрүүчийг ирүүлснийг хүлээн авлаа. Вакциныг эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэнэ. 


Учир нь Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байгаа тул Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгчдээс тусламж хүсжээ. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Биокомбинат ТӨХХК-аас худалдан авдаг ч үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан энэ жилийн хэрэгцээг хангах боломжгүй байгааг ХХААХҮЯ мэдээллээ. 


Мөн БНХАУ Синофарм үйлдвэрийн 2,5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлжээ. Уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой. Биокомбинат ТӨХХК-аас бусад хэрэгцээт 9,5 сая тун вакциныг нийлүүлэх аж. 



Холбоотой мэдээ