Хонины цэцэг өвчний эсрэг тусламжийн нэг сая тун вакцин хүлээж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-19 14:41:19

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байна.


Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг “Биокомбинат” төрийн өмчит компаниас худалдан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан хэрэгцээг хангах боломжгүй болжээ. Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгчдээс тусламж хүссэний дагуу Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC-аас нэг сая тун вакцины тусламжийн түрүүчийг ирүүлснийг хүлээн авч, эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байна.


Мөн БНХАУ-ын “Синофарм” үйлдвэр 2.5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой ажээ. Харин “Биокомбинат” компани бусад хэрэгцээт 9.5 сая тун вакцин нийлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.



Хонины цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтэний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна.


Мөн өвчтэй мал амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Энэхүү өвчнөөр бог мал нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх ч нялх ишиг, эрлийз мал илүү мэдрэмтгий байдаг байна. 





Холбоотой мэдээ