Япон улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн барааг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-03-25 17:08:27

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад тохиолдсон зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад зориулж яаралтай тусламжийн барааг Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өгөв.


Тусламжийн барааг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Монголын талаас УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр, Японы талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара, “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Т. Ёшимүра нар оролцов. 


Элчин сайд М.Игавахара зудын улмаас мал сүрэг их хэмжээгээр хорогдож, малчдад хохирол учирсанд туйлын харамсаж буйгаа илэрхийлээд, Япон улсаас олгож буй яаралтай тусламжийн бараа, материал нь малчин иргэдэд ихээхэн тус нэмэр болно гэдэгт найдаж байна. Мөн шинээр төллөх төл мал хаврыг өнтэй даван туулж, зудын гамшигт өртсөн малчин иргэд аль болох хурдан хэвийн амьдралдаа эргэн орохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа онцлов.


Япон Улсаас олгосон дулаан бүтээлэг, усны нөөцийн сав, цахилгаан үүсгүүр, дамартай уртасгагч зэргийг Монгол Улсын холбогдох албаныхан зудын гамшигт өртсөн малчдад олгох юм.



Холбоотой мэдээ