Хамгаалалтын захиргаадад бартаат замын туулах чадвар сайтай 16 автомашиныг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалалтын захиргаадад Ниссан патрол GRX маркын, бартаат замын туулах чадвар сайтай 16 автомашиныг хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Нөмрөгийн ДЦГ, Монгол элсний УТХГ, Говь Гурвансайханы БЦГ, Говийн бага ДЦГ, Дарьгангын БЦГ, Их газрын чулууны БЦГ, Их богдын БЦГ, Тужийн нарсны БЦГ, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Ачит нуур-Дэвэлийн арлын БЦГ, Булган аймгийн БОАЖГ, Богдхан уыулын ДЦГ, Тэсийн гол, Булнайн нурууны БЦГ, Мөнххайрханы БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-т 792 мянган еврогийн өртөг бүхий автомашиныг өгөв.
Машинтай болсноор байгаль хамгаалагчид
хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл сайжирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг
хэрэгжүүлэх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,
зөрчлийн тоог багасгах, биологийн
олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч биотехникийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэхэд
ахиц гарах юм.
ХБНГУ,
Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд
Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-ны
хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд
дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараас хэрэгжүүлж байна.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь Монгол Улсын ТХГН болон орчны бүс, экологийн холбоос
нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз
байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготойг БОАЖЯ мэдээллээ.
Автомашин хүлээлгэн өгөх үйл
ажиллагаанд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн
дарга, хатагтай Карен Хойфер, ГСБЗБ-ны
төлөөлөгч, төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл оролцжээ.