70-аас дээш удаа цусаа хандивласан донорууд “Хүндэт донор” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-03 17:49:53

Өнөөдөр тохиож буй "Цусаа бэлэглэх өдөр"-ийг Улаанбаатар смарт карт ХХК хоёр дахь жилдээ ЦССҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр нь нэг хүний бэлэглэсэн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, гурван хүний амь нас авардаг учраас ийн шийдвэрлэсэн байна.

Энэ үеэр хүндэт доноруудыг алдаршуулж, 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад бахархлын тэмдэг гардуулсан юм. Мөн 70-аас дээш удаа цусаа өгсөн Ц.Мөнхбаатар, С.Энхцэцэг, Б.Наранзул нарын донорыг “Хүрэл донор”-оор өргөмжлөв.

Цусаа өгөх ач холбогдол, ашиг тусыг түгээх сурталчилгааг хийн, сар бүрийн 3-ныг цус өгөх өдөр болгосон нь үр дүнгээ өгч эхэлсэн. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 3100 хүн цусаа хандивласан. Цусаа тогтмол өгдөг доноруудыг өгдөггүй хүмүүстэй харьцуулан авч үзэхэд зүрх судасны өвчлөл болон хавдрын өвчлөл маш бага байна гэсэн судалгааны дүн гарсныг албаныхан хэллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ