Казахстанд үерийн улмаас 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-04-01 12:35:36

АСТАНА, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /BelTA/. Казахстанд шар усны үер буусны улмаас 11.3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын Онцгой байдлын яам мэдээлжээ. 


Өнөөдрийн байдлаар түр байруудад 5.5 мянга орчим хүн байрлаж байгаа ба усанд автсан 40 зам, гүүр, 39 замын даланг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Зам харилцаа тасарсан суурин газруудтай холбоо тогтоож, шаардлагатай хоол хүнс, эм тарианы нөөцийг газар дээр нь бүрдүүлжээ.


Онцгой байдлын бүсэд байгаа хүмүүст 24 цагийн турш тусламж үзүүлэхэд 7 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд ус шавхагч төхөөрөмж, завь, нисэх онгоц зэрэг 2 мянга гаруй техник хэрэгсэл ашиглаж байна.


Одоогийн байдлаар Актюбин, Костанай, Баруун Казахстан, Абай, Улытау, Акмол мужуудад онц байдал зарлаад байна.


Үерт сүйдсэн байшингуудыг сэргээн засварлах ажилд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газар, орон нутгийн захиргааны байгууллагуудын нөөцөөс гаргахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ