Улс төрийн намыг шинээр бүртгүүлэх өргөдөл авах хугацаа дуусчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-02 10:49:03

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Улс төрийн намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацаа дууссаныг Дээд шүүхээс албан ёсоор мэдэгдэв.


 Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын их  хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” хэмээн заасан байдаг.


Өнөөдрийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна. Өнгөрсөн жил 35 нам бүртгэлтэй байсан. Хамгийн сүүлд  Иргэдийн оролцооны нэгдэл нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам шинээр бүртгүүлжээ.


Харин комедиан Д.Амартүвшингийн байгуулсан “Монголын либертари нам”-ыг бүртгэсэнгүй. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард намаа бүртгүүлэхээр хоёр дахь удаагаа бүртгүүлсэн ч Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Шалтгаанаа “Гишүүдийнх нь ургийн овог, овог, регистрийн дугаар зөрсөн. Мөн зарим мэдээлэл зөрүүтэй” хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл дөрөв хоногийн өмнө гурав дахь удаагаа намаа бүртгүүлэхээ мэдэгдсэн ч хуулийн хугацаа дууссан учир амжсангүй.

Холбоотой мэдээ