ХӨВСГӨЛ: "Аутизмыг ойлгоё, хүлээн зөвшөөрье, хайрлая" өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн сурч хөгжих, бие даан амьдрах, хамгаалуулах боломжуудыг олон нийтэд таниулж, нийгэмд эерэг хандлага түгээх зорилгоор “Аутизмыг ойлгоё, хүлээн зөвшөөрье, хайрлая” сургалт, өдөрлөг зохион байгууллаа.
Сургалт, өдөрлөгт 200 орчим багш, эцэг, эх, асран хамгаалагч, оролцогч
нар хамрагдлаа.
Энэ үеэр хүүхдийн эрхийн талаар хууль дүрмийг барьж ажиллан тэднийг
хамгаалах, нийгэмд эерэг хандлагыг түгээх, хүүхдүүдийн сурах хөгжих нийгэмших
таатай орчныг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран тэгш хамруулан
сургах үйл ажиллагааг дэмжихээр болов.
Мөн хүүхдүүдийн өөрийн сонирхлыг зөв чиглүүлэн зорилготойгоор спортод
суурилсан чадварыг түлхүү хөгжүүлэх, эцэг эх асран хамгаалагчид холбогдох
байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн эрүүл мэндийг хянах, эрүүл аюулгүй орчинд
амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх асран хамгаалагч нарыг хүүхдээ харангаа
ажил эрхлэх, өөртөө ажлын байр бий болгож ажиллахыг дэмжих хэрэгтэйг онцолж
байв.
Цаашид аутизмтай хүүхэдтэй ажилладаг эцэг эх, асран хамгаалагч, багш нар
хамтран хүүхдүүдийн сурах хөгжих нийгэмших чадварыг нэмэгдүүлж, тэднийг бие
даан нийгмийн амьдралд оролцох оролцоог сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.
Тус аймагт Аутизмын холбоо 2022 онд байгуулагдсан бөгөөд 20 гаруй хүүхэд
байдаг ажээ.
Аутизм гэдэг нь "өөрөө" гэх үгнээс үүсэлтэй бөгөөд тэд өөрийн ертөнцөд өөрийнхөөрөө оршдог гэсэн утгатай. Хүүхэд бүрд өөр шинж тэмдэг илэрдэг.
Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь
тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог. Хэдий эрт оношлогдож, засал
эмчилгээнд явах тусам хүүхэд төдийчинээ хурдан сайжирдаг ажээ.