“Хүлгүүд” хожиж, “Металл” хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-04 11:33:32

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ.


Сингапур, Индонези, Хонконг, Тайланд, Монгол, Малайзын лигт түрүүлсэн болон дэд аварга болсон найман баг өрсөлдөж байна. Урьдчилсан шатнаас дөрвөн баг нь хоёрдугаар шатны эрхээ авах юм. Харин хоёрдугаар шатнаас хоёр баг нь үндсэн шатанд шалгарах юм. Өчигдөр болсон дөрвөн тоглолтод Хонконгийн лигийн аваргууд, Индонезийн аварга болон дэд аварга баг эхний хожлоо авлаа. Түүнчлэн Монголын хоёр багаас “Хүлгүүд” хожиж, “Металл” хожигдсон байна.


Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нараар манлайлуулсан “Хүлгүүд” тоглолтын эхнээс л Сингапурын аваргуудыг илүүрхсэн. Улмаар үндсэн цаг дуусахад 98:74-өөр 24 онооны зөрүүтэй хожлоо. Үндэсний дээд лигт найм дахиа түрүүлсэн тэд Сингапурын лигийн аваргуудын эсрэг багаараа 57 хувьтай шидэж, 23 оновчтой дамжуулалт өгчээ. Тус багаас зургаан тоглогч 10-аас дээш оноо авсан нь хожилд хөтлөв. Тоглолтын оргил хэсэг Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин, Т.Санчир, О.Сэргэлэн 1989 оны могой жилтнүүд хамтдаа талбайд гарсан нь байв.  “Юү Жи” аренад цугласан “Хүлгүүд”-ийн хөгжөөн дэмжигчид тэднийг халуун алга ташилтаар угтан авсан юм. Тэд өнөөдөр "Пельта"-тай 20:00 цагаас тоглоно.


Тэгвэл аваргуудын лигт тоглож буй Монголын хоёр дахь баг “Металл” эхний өрсөлдөгчөө барсангүй. Тэд үндсэн цагт 66:83-аар хожигдов. "Металл”-аас Жеантал Силла 23, Т.Ууганбаяр 14 оноо авсан бол бусад нь хангалттай байгаагүй. Тэд багаараа 22 удаа бөмбөг алдсан нь хожигдох гол шалтгаануудын нэг нь боллоо. Өнөөдөр тус баг Малайзын "Матрикс Дийрс"-ийн эсрэг 17:30 цагаас тоглоно.





 









Холбоотой мэдээ