"Монте Карло-46” наадамд амжилт гаргасан циркчдийг 40 сая төгрөгөөр шагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-04 13:08:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын дагуу 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг "Трүүп Амараа" хамтлагт олгохоор болжээ.


Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-нд болсон Дэлхийн циркчдийн олимп хэмээн нэрлэгддэг “Монте Карло-46” их наадамд Монгол Улсаас тус хамтлаг "Хүннү гүрэн" бүтээлээрээ оролцож “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон билээ. 


"Хүннү гүрэн" бүтээл тус их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхар зогссон хүн рүү 2 эргэлт хийж, 4 давхарласан 9,5 метр өндөр турбатай сандал руу хойшоо 2 эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт 5 сальто эргэлтийг зориглон үзүүлсэн нь шинэлэг бөгөөд анхдагч байв.


1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилттай оролцож, “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгасныг ийнхүү үнэлжээ.



Холбоотой мэдээ