Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчдаа эргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-04 14:24:43

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/ .Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, дэд ерөнхийлөгч П.Гансүх, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр тэргүүтэй удирдлагууд чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдаа эргэж, бэлтгэлтэй танилцжээ.


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан “Говь ресорт”-д Азийн аварга болон олимпын эрхийн тэмцээний бэлтгэлээ базааж байгаа юм. Тэгвэл эмэгтэйчүүд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Чэмпионс чэмп” цогцолборт нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна. Энд мөн ӨМОЗО-ы  шигшээ багийн 10 гаруй тамирчин дасгалжуулагчийн хамтаар манай улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Нийт 80 гаруй хүний өргөтгөсөн бүрэлдэхүүн таван дэвжээн дээр зэрэг бэлтгэл сургуулилт  явагдаж байна.


Уулзалтын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар баг тамирчдад өндөр амжилт хүсэж, хувийн зохион байгуулалт болон сахилга бат, ёс зүйгээ дээдлэхийг захисан бол дэд ерөнхийлөгч П.Гансүх өрсөлдөгч тамирчны барилдааны судалгаан дээр сайтар анхаарахыг зөвлөлөө.


Тамирчдын бэлтгэлтэй танилцах үеэрээ холбооны удирдлагууд допингийн шинжилгээнд хамрагддаг спортын төрлийнхний дунд дэлхий дахинаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг 280 хориотой бодисын шинжилгээнд хамрагдаж, олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан “THRONE” брэндийн иж бүрдлийг шигшээ багийнханд гардуулсан байна. Энэхүү бүтээгдэхүүн нь нэг тамирчны иж бүрдэл нэн ашигтай 8-10 төрлийг багтааснаараа онцлогтой.


Дашрамд сонирхуулахад, сонгол бөхийн шигшээ багийнхан ӨМӨЗО-д бэлтгэлээ хангаж байгаа юм. 











Холбоотой мэдээ