Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэтэд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-08 10:54:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт зохион байгуулж байна.


Тус хотод өмнө нь 2016 оны Риогийн олимп, 2020 оны Токиогийн олимпын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байв. Харин энэ жил буюу гурав дахь удаагаа буюу “Парис-2024” Олимпын наадмын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн л энэхүү хотод хүлээн авч байна. Товчхондоо, жүдочид Олимпын өмнөх сорилго тэмцээнээ “Хангарьд” ордны татамид өгдөг уламжлал тогтож байх шиг.


Эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн тэмцээнд 36 байгууллагын 258 тамирчин уран мэхийг уралдуулна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д 43, эмэгтэйчүүдийн 57 кг-д 18 тамирчин бүртгүүлсэн нь хамгийн олонд тооцогдож байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодрох юм. 

Холбоотой мэдээ