ДУНДГОВЬ: Монгол бичгийн “Тэргүүний хурдан уншигч” хүүхдүүдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-15 16:07:01
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг угтан Дундговь аймгийн ЕБС-ийн суралцагчдын дунд монгол бичгийн “Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдааныг энэ сарын 19-нд Мандалговь хотод зохион байгуулна.  


Монголын үндэсний бичиг, түүх соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, үндэсний бичиг, үсгээр бахархах, сурч эзэмших хүсэл эрмэлзлийг төрүүлэхийн тулд зохион байгуулж буй тус уралдааныг ЕБС-ийн 6-7, 8-9, 10-12 дугаар анги гэсэн гурван ангиллаар зохион байгуулж, нэг сургуулиас анги тус бүр 2 суралцагчийг оролцуулна.


Оролцогчдод монгол үндэсний хувцас өмсөх, “Хүмүүн бичиг” сониноос алдаагүй зөв унших бэлтгэлээ хангасан байх шаардлага тавьж байгаа ба уншлага хийх хугацаа нэг минут байх юм. 


“Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдааныг аймгийн хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа ба сургууль бүр эхний шатны шалгаруулалтыг явуулж, ангилал тус бүрд ангиудаас шалгарсан 2 уншигчийг аймгийн уралдаанд оролцуулах ба дээрх ангилал тус бүрээс шалгарсан тэргүүний хоёр уншигч улсын уралдаанд оролцоно. 

Холбоотой мэдээ