Боомтын сэргэлтийн үндэсний хорооны V хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-17 08:43:52

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ээлжит тавдугаар хуралдаан энэ сарын 17-нд Төрийн ордонд боллоо.


Хуралдаанаар Сүмбэр-Рашаан боомтыг байнгын ажиллагаатай, Хавирга-Архашаат боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Улсын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламж, агуулах барих зориулалтаар газар ашиглуулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис (шатамхай тэсэлгээний тоног төхөөрөмж, химийн урвалж) хадгалах сав, ачиж буулгах талбайн зориулалтаар улсын хилийн зурвас газар ашиглуулах тухай, Боомтуудад улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, Улсын хилийн зурвас газарт газар ашиглуулах тухай тогтоол гаргалаа. 


Тогтоолд Газрын тосны бүтээгдэхүүний импортын олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай боомтод газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламж, агуулах барих зориулалтаар улсын хилийн зурваст тухайлсан газрыг Хилийн боомтын захиргаанд ашиглуулах, Ханги боомтод химийн аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодис (шатамхай, тэсэлгээний тоног төхөөрөмж, химийн урвалж) хадгалах сав, ачиж буулгах талбайн зориулалтаар улсын хилийн зурваст тусгайлан заасан газрыг Хилийн боомтын захиргаанд ашиглуулах тухай тусгажээ. 


Хуралдаанд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлага оролцов.


Холбоотой мэдээ