ӨМНӨГОВЬ: Говь нутгаас генерал цолтон найм төрөн гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Монгол
генералуудын өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймгаас төрөн гарсан генерал
цолтонд хүндэтгэл илэрхийлэх үйл
ажиллагааг дөрөвдүгээр сарын 19-нд зохион байгууллаа.
Улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан цэргийн дарга нарт "Генерал" хэмээх цэргийн дээд цолыг 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор 11 офицерт олгосноос хойш өдгөө 80 жилийн ойтойгоо золгож байгаа юм.
Өмнөговь аймгаас Б. Шагдаржав, Ш.Цэрэвсамба, Ч.Самбуу, Р.Гаваа, Ч.Сандр, Б.Шагдар, П.Даш, Ч.Амарболд зэрэг найман хүн генерал цол хүртжээ.
Монгол генералуудын өдрийг угтан эдгээр эрхэм хүмүүсийн нэг Цагдаагийн Ерөнхий газрын даргаар
гурван удаа томилогдон ажиллаж байсан хошууч генерал Чимэддоржийн Амарболдод
хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагааг Батмөнх даян хааны талбайд зохион
байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь Өмнөговь аймгаас төрөн гарсан цэргийн нэрт зүтгэлтэн алтан мөрдөст генералуудын амьдралын түүхэн замнал, алдар гавьяаг мөнхжүүлэх, иргэд, хүүхэд залууст сурталчлан таниулах, үйл хэргийг нь бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
“Монгол генералуудын өдөр”-ийг мөн тохиолдуулан Байгаль, түүхийн музейд "Говь нутгийн генерал" буланг байгуулж, тэдний эдэлж хэрэглэж байсан эд, өлгийн зүйлсийг олон нийтэд дэлгэн үзүүлэх ажлыг эхлүүлжээ.