ДОРНОД: Бунхан толгой, Зөвлөлтийн улаан армийн нисгэгчдийн дурсгалын хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-23 16:19:48

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөшөөг 1939 оны Халхголын дайнд баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн нисгэгчдийн дурсгалд зориулан Чойбалсан хотын зүүн хэсэг Бунхан толгойн оройд босгожээ.


Халхголын дайнд эрэлхэгээр тулалдаж амь эрсэдсэн Зөвлөлтийн Улаан армийн нисэх хүчний бөмбөгдөгч онгоцны 150 дугаар хорооны дарга, ЗХУ-ын баатар хошууч М.Ф.Буристров, нисэх хүчний сөнөөгч онгоцны 22 дугаар хорооны дарга ЗХУ-ын баатар хошууч Н.Г.Глазкин, нисэх хүчний сөнөөгч онгоцны 22 дугаар хорооны даргын туслах ЗХУ-ын баатар ахмад А.И.Балашов нарын зэрэг 81 баатарлаг нисгэгчийн нэр уг хөшөөнд бичээстэй байдаг. Хөшөөний өмнө талд 1939 оны дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн Улаан армийн олон арван нисгэгчдийн шарил хүндэтгэлтэйгээр мөнх нойрсож байна.


Эл хөшөө дурсгал сүндэрлэн буй “Бунхан” толгой бол 1936 онд Монгол- Зөвлөлтийн Засгийн газрын хэлэлцээрийн дагуу БНМАУ-ыг Япон улс халдан довтлох аюулаас сэргийлэн хамгаалахаар ирсэн Зөвлөлтийн нисэх бригад байрлаж байсан түүхэн газар юм.


Холбоотой мэдээ