Чанаргүй зээл байнга өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-05 14:58:51

Дундговь аймаг дахь арилжааны банкуудын зээлийн бүтэц өөрчлөлтийг  тодорхойлж, чанаргүй зээлийн багцын зохистой түвшингийн таамаглал дэвшүүлэх зорилгоор тус аймаг дахь Монгол банкны салбар судалгаа хийсэн байна.

2016 оны хоёрдугаар улирлын байдлаар аймгийн нийт хүн амын 32 хувь, аж ахуйн нэгжийн 12 хувь нь арилжааны банкуудаас зээл авсан бөгөөд зээлийн үлдэгдэлд цалингийн зээл хамгийн өндөр буюу 35.7 хувийг, малчны зээл 24.4 хувийг эзэлж байгааг мэдээллээ. Мөн тэтгэвэрийн зээл 11.8, ипотекийн зээл 11.5, бусад зээл 16.6 хувийг тус тус эзэлжээ.

Хоёрдугаар улирлын байдлаар нийт зээлийн багц 77 тэрбум 784 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүний 623 сая төгрөг буюу 0.8 хувь нь чанаргүй зээл байгаа бөгөөд сүүлийн 5 улирал дараалан чанаргүй зээлийн хэмжээ 19- 232 сая төгрөгөөр өмнөх улирлаас өссөн үзүүлэлттэй гарчээ.

2014 оноос хойших чанаргүй зээлийн үлдэгдлийг бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл цалингийн зээл дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд бизнесийн зээл чанаргүй зээлийн 50 хувийг бүрдүүлж байна. Чанаргүй зээлийн үлдэгдэлд бизнесийн зээлийн эзлэх хувь өндөр байгаа боловч тоогоор тэтгэвэр цалингийн зээлийн тооноос бага буюу 3 дугаар түвшинд байгаа ажээ.

Чанаргүй зээлийн стандарт хазайлтыг тооцоход 162 сая 841 мянган төгрөг байгаа бөгөөд үүнээс харахад 2016 оны 9 дүгээр сарын чанаргүй зээлийн үлдэгдэл 460 сая 522 мянгаас 786 сая 204 мянган төгрөгт хэлбэлзэхээр байгааг гаргасан байна. Судалгааны дүгнэлтэд, аймгийн банкуудын зээлийн өсөлт сүүлийн нэг жилийн хугацаанд малчны зээл, ипотекийн зээлийн өсөлтөөр гол төлөвл илэрхийлэгдэж байгаа боловч тогтмол өсөлтийг цалин тэтгэвэрийн зээлийн өсөлт үзүүлж байгаа, улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж бизнесийн ашиг орлого буурч, үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн нь зээлийн чанарт сөргөөр нөлөөлж байна хэмээн дурьдсан байна.  

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ