Италийн эргийн харуулууд 1000 орчим дүрвэгчийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-06 13:25:03

РОМ. /Reuters/. Газар Дундын тэнгисийг гатлан Европт хүрэхийн тулд амь өрсөн явж буй Ойрхи Дорнод болон Африкийн цагаачид, дүрвэгчдийг Италийн эргийн харуулууд аварсаар байна.

Эритрей болон Нигери улсаас 1000 орчим цагаач болон дүрвэгчийг суулган даваа гарагт хөдөлсөн дөрвөн хөлөг онгоцыг Ливийн эргийн ойролцоо явж байхад нь Италийн эргийн харуулын албаныхан өчигдөр зогсоож, зорчигчдыг нь аварчээ.

Эдгээр хөлөг онгоцууд дээр 10 гаруй хөл хүнд эмэгтэй байсан бөгөөд тэдний гурав нь Италийн Сицилийн аралд ирэх замдаа амаржжээ. Эмэгтэйчүүдийг тус арлын эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд эх хүүхдүүдийн бие сайн байна.

Газар Дундын тэнгист намрын улиралд цаг агаар тааламжтай байдаг учир хөлөг онгоц болон завиар Европыг зорих цагаачид болон дүрвэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Италийн эргийн харуулууд энэ долоо хоногийн эхний хоёр хоногт л гэхэд 11 мянга орчим дүрвэгчийг аварчээ.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 300 мянга гаруй цагаач болон дүрвэгч Газар Дундын тэнгисийг гатлан Европт очжээ. Амь өрссөн аяллын явцад 3500 орчим хүн амиа алдаж, сураггүй болсон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ