Гэр, байшинг дулаалснаар эрчим хүчийг 40-50 хувь хүртэл хэмнэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд амьдардаг Д.Уртнасан 2013 онд байшингаа гэр бүлийн хамт барьжээ. Дээврээ дулаалж чадаагүйгээс сийгэх, цонх цантах зэргээр дулаан алдаж эхэлсэн тул энэ оны хоёрдугаар сард Европын холбооны СВИЧ Азиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-II” төсөлд хамрагдаж, төслийн сургагдсан бригадаар дээврээ дулаалуулжээ.
Д.Уртнасан энэ тухай
ярихдаа “Бусдаар бариулахаар үнэтэй болоод байсан учир
өөрсдөө байшингаа барьсан. Мэргэжлийн хүн биш болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл их гарсан. Тиймдээ ч дээврээ
дулаалж чадаагүйгээс дулаан
алдах болсон. “Дулаан шийдэл-II” төсөлд хамрагдахын тулд төслийн лавлах утастай
холбогдож захиалгаа өгсөн. Үүний
дараа дулаалгын бригад ирж хэмжилт хийгээд нэг өдрийн дотор дээврийг
маань 5 см зузаан чулуун
хөвөнгөөр гурван давхар дулаалсан. Дулаалснаас хойш байшин маань их дулаахан,
тав тухтай болсон. Чулуун хөвөн нь галд тэсвэртэй гэсэн. Өөрөө дулаалах гэхээр мэдэхгүй, ажлаар
хөдөө их явдаг болохоор зав гарахгүй
байсан. Дулаалгын материал хамаг юмтайгаа ирээд дулаалж өглөө. Энэ төсөл надад их аятайхан санагдсан. Өмнө нь долоо
хоногт долоон уут шахмал түлш түлдэг байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард таван
уутыг түлсээр хавартай
золгосон” гэдгийг онцлов.
Иргэд байшингаа барихдаа мөнгөө хэмнэх гээд буруу материал сонгодог
ШУТИС-ийн Эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр
“Байшин барихад суурь бат бөхөөс
гадна дулаалга сайн байх ёстой. Өвлийн хүйтэнд малгайгүй
явахаар толгой даардаг шиг байшинд дулаалга иж бүрэн байх нь чухал. Зөвхөн
цонх, дээврээ дулаална гэхээс илүү бүтэн дулаалга илүү үр дүнтэй. Иргэд байшингаа юугаар дулаалах талаар
мэддэггүй мөртлөө мөнгөө хэмнэнэ гээд
ихэвчлэн буруу материал сонгодог. Жишээлбэл, дээврийн дулаалгыг үнс,
модны үртсээр дулаалдаг. Энэ нь дулаалгад ямар ч нэмэргүй, бүр хор болно. Дээрээсээ чийгтэж, байшингийн дээрээс хотойлт
өгдөг. Уг нь шувуу, нуруу дээвэртэй байшингийн дээврийг амьсгалдаг дулаалгын
материалаар, хавтгай дээврийг хөөсөнцөрөөр дулаалвал илүү тохиромжтой.
Ямар ч технологийг эхнээс зөв материал сонгож, мэргэжлийн
хүмүүсээр хийлгэх нь чухал. Ер нь төлөвлөлтөөсөө эхлээд амьдрахад хэцүү
зарахад ч хэцүү байшингууд их байна.
Одоогоор нэг байшин бүтэн
дулаалах өртөг 10-20 сая төгрөг гэж үзвэл 20 сая төгрөг орон сууцны 4-хөн
метр квадрат талбайн үнэ. Ийм үнээр
хувийн байшингаа бүтэн дулаална гэдэг нь урт хугацаандаа тогтвортой үр дүнтэй. “Дулаан шийдэл-II” төслийн
хүрээнд Хаан, Хас, Төрийн банк, Богд банкны хэрэглээний ногоон зээлээр шийдэж
байгаа. Мөн Транскапитал, Вишнфанд, Жи Эс Би Капитал ББСБ-аас хүүгийн төлөлттэй
хөнгөлэлттэй ногоон зээл авах боломжтой. Банканд баталгаажсан бодит үр дүнтэй төслүүд
хэрэгтэй. Иргэдэд ногоон зээл хэрэгтэй. Энэ талаас нь авч үзвэл “Дулаан
шийдэл-II” төсөл зөв цаг үед гарч ирсэн гэж боддог” гэв.
“Дулаан шийдэл-II”
төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна
“Дулаан шийдэл-II” төсөл нь нийслэлийн гэр хорооллын хувийн сууцыг
дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажлиллагаа явуулж байна.
2018 оноос
эхлүүлсэн төслийг 2026
он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх
юм. Төслийн санхүүжүүлэгч байгууллагаар Европын холбооны Свич-Эшиа
хөтөлбөр, Абби Пиер сан, Гагга сан болон Францын хөгжлийн агентлаг
ажилладаг. Харин төслийг “Жэрэс” ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын
барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын ногоон санхүүгийн корпораци
хамтран хэрэгжүүлж байна.
Дулаалга хийсний
дараа эрчим хүчний аудиторын гэрчилгээ олгодог
“Дулаан шийдэл-II” төслийг хэрэгжүүлэгч “Жэрэс” олон
улсын төрийн бус байгууллагын маркетинг болон олон нийттэй харилцах
мэргэжилтэн М.Маргад:
-Төслийн хүрээнд дээврийн адрын хөндийн, ханын хөвөн, хавтан, ханын дулаалга, цонх сайжруулалт, суурийн болон шалны дулаалга гээд байшингийн цогц дулаалга санал болгодог. ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн бэлтгэсэн стандартын дагуух дулаалгын технологи ашигладаг. Тухайлбал, дээврийн адрын хөндийг эрдэс хөвөн, чулуун хөвөн, хонины ноосоор дулаалдаг. Гурван давхар шилтэй дулаан хэмнэлттэй цонх хийдэг. Суурийн дулаалгын өнгөлгөө нь өнгө дизайн сонголтоор, шалны дулаалгын материал нь хулдаас, паркет, будаг, хивсэнцэр байдаг. Суурийн дулаалгын XPS хавтангаар хоёр давхарлаж хийдэг. Мөн хөөсөнцөр, хайлмал хөөсөнцөр хавтангууд байна. Утаслаг буюу хөвөн дулаалга нь сүвэрхэг материалтай учир агаарыг нүх сүвэндээ хөдөлгөөнгүй барьдаг. Тиймээс сайн чанарын дулаалга, дуу тусгаарлагч болдог гэсэн үг. Харин чулуун хөвөн нь бүтцийн хувьд галт уулын чулуунаас гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Дээрх хоёр хөвөн дулаалгыг барилгын хана, адрын болон давхар хоорондын хучилт, хөндий шалыг дулаахад ашигладаг. Дараа нь байшингийн нөхцөлд тохируулан технологи, стандартын дагуу зөв дулаалах, чанарын шаардлага хангасан материалаар байшинг дулаалдаг. Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын сургаж, дадлагажуулсан дулаалгын бригад, дулаалгын зөвлөхүүд энэ ажлыг гүйцэтгэдэг. Үүний дараа эрчим хүчний аудиторын гэрчилгээ олгогддог.
“Дулаан шийдэл II” төсөл нь сүүлийн 5 жилд 3556 тн хүлэмжийн хий, 2411 тн түлшний шаталтаас сэргийлж чаджээ. Мөн энэ хугацаанд 140-өөд дулаалгын бригадыг сургаж, 1900- аад айлыг дулаалсан байна. Улаанбаатар хотод ийнхүү амжилттай хэрэгжсэн төслийг хэрэглэгчдийн хүсэлтээр Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 5900
айлд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл хэрэгжүүлэх, 1180 айлыг ногоон зээлээр
дамжуулан дулаалгын үйлчилгээ авахад нь туслах, 16 жижиг бичил бизнесийг
дулаалгын чиглэлээр сургах, 11 банк,
ББСБ, хадгаламжийн бүлэгтэй хамтран ажиллах, 5 бүтээгдэхүүн хөгжүүлэхийг зорьж байгаа аж.