БУЛГАН: Диваажин сүмийг 148 жилийн өмнө байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-16 17:10:25

Булган, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Диваажин буюу Жаргалын орон гэдэг нэртэй сүмийг 1876 онд хиймэл уулан дээр байгуулж, 1904 онд их цагаан суваргыг бүтээж байсан түүхтэй юм.




Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны төв вангийн хүрээ Манжийн Энх-Амгалангийн 24 дүгээр буюу 1685 онд байгуулжээ. Тус хийд нь 27 дацан, 30 орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагтай, Монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болж байсан ажээ.




Диваажин сүмийн анхны загварыг Булган аймгийн орон нутаг судлах музейн эрхлэгч С.Бадарч 1963 онд уран барималч Данзанаас худалдан авчээ .


Дайчин вангийн хүрээ Майдарын голын зүүн эрэгт 20 м өндөр шороо овоолон хиймэл уул буй болгож орой дээр нь 5х5 м талбайд Диваажингийн орныг дүрсэлсэн маш уран гоё хийцтэй шилэн сүм байгуулсан нь халхад ганцхан байжээ.

Энэ сүмийн эргэн тойрон шуудуу татаж ус урсган, нарс, хуш мод суулган ургуулж, сүсэгтэн олон болон аянчин, жуулчин, мөргөлчид тасралтгүй цувсан олны хөлийн газар байв. 


Энэ сүмийг Эрдэнэ дайчин ван Ханддорж эмэг эхийнхээ санаачилгаар барьсныг музейн тайлбарлагч А.Саранчимэг хэллээ.





Булган аймгийн Булган сумын төвд орших шашны соёлын нэгэн дурсгал болох Диваажин сүмийн уул, орчны тохижилтын ажлыг 2018 онд БСШУЯ-ны 156 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Зэндмэнэ суварга” ХХК гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ