"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-17 13:48:18

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлхийн буддистуудын Дармакинг төв хамтран "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг энэ сарын 17-ноос зургаадугаар сарын 2-ныг хүртэл дэлгэнэ. 


Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт буй Бурхан багштай холбогдох танка, цутгуур, зээгт наамал гэсэн бурхан урлалын төрөлд хамаарах үзмэрээс гадна бичиг үсгийн ховор нандин 40 гаруй үнэт үзмэрийг дэлгэх юм. 


Мөн БНСУ дахь “Буддагийн олон улсын музей”-д хадгалагддаг Бурхан багшийн хуруу эрдэнэ, үс эрдэнэ болон бурхны зарим шарира гэх ринсрэлийг Монгол Улсад залан тус үзэсгэлэнд энэ сарын 20-24-нд дэглэн үзүүлнэ.


Шарира гэдэг нь буддын шашны оюун санааны багш нарыг чандарласан чандараас олддог үр тариа шиг сувдан болор үрэл юм. Энэ нь бурхны сургаалаар гэгээрсэн багш нарын оюун ухаан, сэтгэлээ хэр сайн хөгжүүлсний нотолгоо болдог бөгөөд шилэн аяганд хийж сайн нөхцөлд хадгалагдсан тохиолдолд савандаа нууцлаг байдлаар үрждэг гэж үздэг. Сүсэгтэн олон бурхны шарираг ойроос үзэж эрчис долгионыг мэдрэх боломжтой юм.

Мөн үзэсгэлэнгийн нэгэн онцлох зүйл бол Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Их эрдэнийн шүтээн гэх бурхан багшийн шүд эрдэнийг дэлгэн үзүүлэх юм. Бурхан багшийн адис жинлав, эрчим энергийг хүртэж болохын хувьд Их эрдэнийн шүтээн ринсрэл нь хосгүй үнэтэй ижилгүй содон үзмэр юм.


Бурхан багшийн шүд эрдэнэ Богд хааны ордон музейд ирсэн түүхээс дурдвал, хамгийн анх Монголд хэрхэн авчирсан тухай Марко Поло мэдээлжээ. Итали хэлнээс орчуулсан түүний бүрэн тэмдэглэлд ”Хубилай хаан Шри Ланка улс руу худалдааны экспедиц явуулж, зарлиг илгээжээ. Танай улсад хадгалагдаж буй Бурхны шарил нь манай улсад байваас зохистой тул явуул. Эс тэгвээс цэрэг хөдөлгөн байлдан эзэлж, хүчээр авна гэсэн утгатай захиа илгээжээ. Ингээд экспедиц ажлаа амжилттай бүтээж, Адам /Бурхан багшийг ингэж нэрлэсэн байдаг/-ын шүд болон үс, хаш аяга тэргүүтнийг авчирсан байна.


Үүний хойно Өндөр гэгээний намтар болоод Эрдэнэзуу хийдийн түүхийн холбогдолтой олон сурвалжид ”Халхын Автай сайн хаанд III Далай лам Содномжамц Галд үл шатагдагч шарил эрдэнэ, Пагмадүв бурхны чулуун хөрөг сэлт нандин шүтээнийг өргөжээ. Уг шүтээнийг Эрдэнэ зууд залж, учир мэдэх дээдэс удам дамжуулан шүтэж ирсэн бөгөөд нарийн учрыг түүхийн судар бичигт тэмдэглэлгүй машид чандлан нууцалжээ.

Харин Богд хааны ордон музейд ирсэн түүх бол ихээхэн сонирхолтой, тодорхой баримттай юм. 1935 онд Монгол Улсын ерөнхий сайд П.Гэндэн Эрдэнэзуугийн цамыг кино хальсанд авч үлдэхийн тулд “Мосфильм”-ийн уран бүтээлчдийн хамтаар очжээ. Энэ үед Эрдэнэзуу хийдийг хамаарч байсан алтан ургийн тойн лам нартай уулзан, ”Тун удахгүй Бурхны шашин устана. Юу авч үлдэх вэ?” гэхэд тэдгээр тойн ”Монголын бурхны шашин энэхүү галд үл шатагдагч бурхан багшийн эрдэнийн шарилаар мандсан. Үүнийг хадгалж авч үлдвэл хожмоо дахин сэргэж юуны магад” хэмээн өгсөн гэж хууччуул ярьдаг. Тийм ч учир тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Өлзий-Очироор дамжуулан дагавар бичиг бичүүлж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Л.Дэндэвт хүргүүлснээр Богд хааны ордон музейд иржээ.


Дагавар бичигт: “Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Дэндэвт

Энэхүү Будда бурхны шүд хэмээх нэгэн нарийн зүйлийг танай хүрээлэнд хүргүүлж ихэд сайнаар хадгалуулахын хамтад энэ нь ямар зүйл болохыг сайтар шинжин боловсруулж гүйцэтгүүлье хэмээн Ерөнхий сайдаас зааварчилснаар хүргүүлэв.

Сайд нарын Зөвлөл Өлзий-Очир 1935 оны 8 дугаар сарын 2” гэжээ.


Тус үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Бурхан багшийн их дүйчин өдөр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, Олон улсын музейн өдөр, Хаан ордны хавар зэрэг олон тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой.


Холбоотой мэдээ