Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ Бразилд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-17 14:45:49

БАНГКОК, 2024 оны тавдугаар сарын 17 /RT/. Тайландын Бангкок хотноо өнөөдөр болж буй Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) 74 дүгээр их хурлын явцад 2027 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах орноор Бразил улсыг сонголоо. 


Тус тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Бельги, Нидерланд, Герман улсууд Бразилтай өрсөлдсөн юм. Мексик, АНУ хоёр дөрөвдүгээр  сарын 29-нд хамтран гаргасан хүсэлтээ эргүүлэн татсан билээ.


Бразилын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эдналдо Родригес хэлэхдээ “манай  улсын хүсэлтэд саналаа өгсөн төлөөлөгчдөд, мөн хамтран зохион байгуулах хүсэлт гаргасан Бельги, Герман, Нидерландын төлөөлөгчдөд талархал илэрхийлье" гээд тус тэмцээнийг зохион байгуулах нь Бразилд төдийгүй Өмнөд Америкт эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн байр суурийг бүхэлд нь бэхжүүлж, эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэх хөшүүрэг болно хэмээн найдаж байна гэв. 


Бразил улс АНУ, Герман, Францын дараа эмэгтэй, эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг хоёуланг нь зохион байгуулсан дөрөв дэх орон болно.


2023 оны ДАШТ Австрали, Шинэ Зеланд улсуудад болж, Испанийн шигшээ баг түрүүлсэн билээ. 

Холбоотой мэдээ