ДАРХАН-УУЛ: Эвдэрч, орхигдсон 180 га талбайг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-17 14:46:15

Дархан, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хариуцлагагүй уул, уурхайн улмаас эвдэрч орхигдсон Хонгор сумын нутаг Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын дөрвөн байршлын 187 га талбайг нөхөн сэргээх ажил үргэлжилж байна.




Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр эхэлсэн уг ажлын нэгдүгээр хэсгийг нөхөн сэргээх явц 90 орчим хувьтай байна. Нөхөн сэргээлтийн ажилтай аймгийн Засаг дарга Б.Азжаргал, БОАЖГ-ын дарга Г.Батбаяр нар танилцлаа.




Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул, уурхайн олборлолтын улмаас эвдэрч, орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж заасан байдаг. Энэ дагуу “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн байна.


Энэ хүрээнд "Оюу толгой" ХХК-иас зарласан тендерт шалгарсан "Бугант нандин" ХХК Шарын гол сумын Цагаан хөтөл, Хар ямаат зэрэг газарт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Тус компани 24 цагаар ажиллаж төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө дуусгахаар ажиллаж байна.




Түүнчлэн нөхөн сэргээж буй газруудад арван сарын хугацаатай хяналтын пост гаргажээ. 


Харин "Дархан-Транс" ХХК Хонгор сумын нутагт орших Цэхэрийн ам, Бага ноёны ам гэх газрын 104.8 га талбайг нөхөн сэргээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Оюу толгой" ХХК таван сая мод тарих ажлын хүрээнд дүйцүүлэн нөхөн сэргээх ажил хийхээр болж ийнхүү хөрөнгө оруулалт хийсэн аж.




Дархан-Уул аймаг ухдаг биш ногоон орчин бүрдүүлэхийг зорьж, үүний хүрээнд өнгөрсөн оноос эхлэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгоогүй гэдгийг энэ үеэр аймгийн засаг дарга онцоллоо.




Мөн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажилд оролцож буй нийт ажилтанд талархал илэрхийлж ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ