Б.Баасанхүүгийн эхлүүлсэн медалийн буухиаг Л.Анхзаяа үргэлжлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-21 10:16:27

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу-Даби хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр олон улсын хэмжээний мастер Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ.


Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон тэрбээр Жибутигийн Хуссейн, Олимпын аварга Гүржийн Лаша Шавдатуашвили, Румын шилдэг залуу жүдоч Рэйсу, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Штамп нарыг цувруулан их шөвөгт шалгарсан. Гэвч зооны аваргын төлөө Японы Ишихарад ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Улмаар хүрлийн төлөөх барилдаанд Бразилын залуу од Даниел Карниныг буулган авснаар хүрэл медалийн тавцанд зогслоо.


Дэлхийн чансааны 98 дугаарт эрэмбэтэй тэрбээр гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг орлож ДАШТ-д оролцох эрхтэй болсон. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д эрэмбэлэгдсэн бөхчүүд оролцдог нь Л.Анхзаяад боломж олгосон юм. Боломжийг тэр маш сайн ашиглалаа.


Л.Анхзаяа хоёр жилийн өмнө Улаанбаатарын “Их дуулга”-д тавдугаар байр, Португалын гранпригаас хүрэл медаль хүртэж байсан билээ.


Медаль хүртсэнийхээ дараа Л.Анхзаяа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Анхны дэлхийн аваргадаа орж, хүрэл медаль авсандаа баяртай байна. Энэ удаад бэлтгэл сургууль маань жигдэрсэн, сайхан байлаа. Бэлтгэлийн үр дүн гарлаа. Багш нар маань дэвжээ рүү гарахын өмнө чаддаг зүйлээ л харуул гэсэн. Багш нарынхаа зөвлөснөөр барилдаж ялалт авлаа. Миний хувьд анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн цагаасаа хойш өдөр шөнөгүй Олимп, дэлхийн медаль хүртэхийг мөрөөдсөн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсандаа үнэхээр баяртай байна” гэв.


Хоёр өдрийн дараах байдлаар 15 орны жүдоч медаль хүртээд буй бөгөөд зургаан жинд шинэ аваргууд төржээ. Медалийн хүснэгтийг Япон тэргүүлж байгаа бол Итали, Монгол удаалж байна. 







Холбоотой мэдээ