Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-05-21 14:41:20

БАЛИ, 2024 оны тавдугаар сарын 21 /Xinhua/. Дэлхийн усны асуудлаарх 10 дугаар чуулга уулзалт “Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх ус” уриан дор Индонез улсын Бали аралд даваа гарагт эхэллээ. 


Чуулганы нээлтийн ёслолд дэлхийн хэд хэдэн орны удирдагчид, НҮБ-ын төлөөлөгчид оролцжээ. Энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх чуулганы үеэр оролцогчид усны нөөцийг хамгаалах, цэвэр ус ба ариун цэврийн байгууламж, хүнс ба эрчим хүчний аюулгүй байдал, гамшгийн хор уршгийг багасгах гэсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо чуулганыг нээж хэлсэн үгэндээ, дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн 80 хувийг бүрдүүлдэг 500 сая жижиг газар тариалан эрхлэгч 2050 онд ган гачигт хамгийн өртөмтгий болох төлөвтэй байна гэж мэдэгджээ. "Өнөөдөр бид Балид цугласнаараа дэлхийн устай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дэлхий нийтээрээ хүчээ нэгтгэж чадна гэдэгт манай улс итгэж найдаж байна" гэж тэрбээр нэмж хэллээ.


Дэлхийн усны зөвлөлийн ерөнхийлөгч Лоик Фаучон хэлсэн үгэндээ, ус нь хүмүүсийг ойртуулж, нэгтгэдэг боловч хүмүүс гараг дэлхийдээ хохирол учруулсаар байна хэмээн онцолжээ.


“Энэ эмгэнэлт явдлыг ухаарч, засаж залруулж, хойч үедээ итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, амар амгаланг үлдээхийн тулд бид энд цуглаад байна” гэж тэрбээр онцлон дурдлаа. 



Холбоотой мэдээ