ОПЕК+ олборлолтоо үргэлжлүүлэн бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-06-03 09:29:33

ВЕНА, 2024 оны зургаадугаар сарын 3 /DW/. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний түншүүд (ОПЕК+) газрын тосны олборлолтоо өдөрт хоёр сая баррелиар бууруулах хугацааг 2025 оныг дуустал сунгалаа. Энэ тухай шийдвэрийг зургаадугаар сарын 2-ны ням гарагт Эр-Риядад болсон сайд нарын цахим уулзалтаас гаргасан байна.


ОПЕК-ийн мэдээлснээр, олборлолтын нийт хэмжээ өдөрт 39.7 сая торх байх аж. Түүнчлэн ОПЕК+ бүлгийн 20 орны 8 нь (Алжир, Ирак, Кувейт, Саудын Араб, Орос, АНЭУ, Казахстан, Оман) сайн дурын үндсэн дээр олборлолтыг өдөрт 1.65 сая торхоор бууруулах тухай 2023 оны дөрөвдүгээр сарын тохиролцоог 2025 оны эцэс хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Олборлолтыг сайн дурын үндсэн дээр хязгаарлах өөр нэг тохиролцоо буюу 2023 оны 11 дүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "өдөрт 2.2 сая торхоор танах" шийдвэрийг энэ оны есдүгээр сарын эцэс хүртэл сунгасан байна. Энэхүү хязгаарлалтын хэмжээ 2025 оны есдүгээр сарыг хүртэл сар бүр багасаж байх юм.


2023 оны сүүлчээр ОПЕК-т газрын тос олборлох квоттой холбоотой маргаан гарсны дараа Ангол улс тус байгууллагаас гарна гэдгээ мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ