Манлайлагч 15 багшийг тус бүр 2 сая төгрөгөөр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-07 23:32:03

Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 жилийн ойн өдрийг Өвөрхангайн багш нар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 412 тогтоолоор Багш нарын өдрийг жил бүрийн 10 сарын 5-ны өдөр тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан. Тус өдөр үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид баярын хурлаа хийж, 2015-2016 оны хичээлийн жилд хийж бүтээсэн ажил үйлсээ үнэлж дүгнэлээ.

Энэ жил Өвөрхангай аймгийн боловсролын салбар Монгол хэл, бичгийн хичээл, ЭЕШ-ийн шалгалтын дүнгээрээ улсад тэргүүлж, Хархорин сумын Орхон цогцолбор сургууль улсын тэргүүний сургуулиар шалгарсан томоохон амжилттайгаар баяраа тэмдэглэж байгаа юм. Энэхүү амжилтыг гаргахад мэдлэг, ур чадвараараа манлайлсан 15 багшийг баярын хурлын үеэр тус бүр 2 сая төгрөгөөр шагналаа.

Мөн аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”-аар 8, аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр 6, Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр 13, БСШУС-ын “Хүндэт жуух”-аар 8 багш шагнагдаж, баяр дээр баяр нэмсэн байна.

Баярын хурлын дараа улсын тэргүүний Мэргэд цогцолбор сругуулийн багш, ажилтнууд хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, урлагийн авъяасаа толилуулсан юм.

2016-2017 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 2365 багш ажилтан, албан хаагчид ажиллаж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ