17 шилмэл малд медаль, тууз, мөнгөн шагнал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-08 00:05:51

Өвөрхангай аймгийн ХХААГ-аас "Шилмэл мал 2016" үзэсгэлэн худалдааг Арвайхээр хотноо зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 17 сумаас 139 шилмэл малыг оролцуулсан байна.

Тодруулбал 11 тэмээ, 19 адуу, 7 үхэр, 80 хонь, 22 ямаа  оролцсон бөгөөд малын гарваль зүй, удам угсаа, ашиг шим, амьдын жин, ноос ноолуур, галбир, үр төлийн чанараар нь шалгаруулсан юм.

Малын төрөл тус бүр дээр томилогдсон комиссоос 17 малыг ашиг шимийн чадвараар гойд гэж үнэлэн алт, мөнгө, хүрэл медаль, тууз, мөнгөн шагналыг эздэд нь олгосон ба гурван малд тусгай шагнал, идэвхтэй оролцсон хоёр мэргэжилтэнд мөнгөн шагнал олголоо. Тухайлбал Тарагт сумын малчин М.Болдбаатарын бух амьдын жингээрээ, Өлзийт сумын малчин Ц.Отгоннасангийн азарга төлөрхөг чанараараа, Гучин-Ус сумын малчин О.Сэдэдийн ингэ ноосны гарцаар,  Өлзийт сумын малчин Ж.Бат-Эрдэний хуц амьдын жингээр, Баянгол сумын малчин Б.Нямтогтохын эм ямаа ноолуурын гарцаар тус тус тэргүүлжээ.

Үзэсгэлэнгийн үеэр сумдын Мал эмнэлгийн албанаас мал эмнэлгийн амбулаторийн эмчилгээ, дуудлага, үйлчилгээнд ашиглагддаг багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн үзэсгэлэнг гаргаж иргэд, малчдад танилцууллаа. Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн мал болон сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд 2 ухна, 1 хуцнаас бруцеллёзын өвчлөл илэрч, малын эздэд заавар зөвлөгөө өгсөн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ