Онцгой байдлын албаныхан 98 иргэний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-08 11:46:58

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн аврагчид өчигдөр буюу энэ сарын 07-нд 98 хүний амь насыг аварчээ.

Өчигдөр  18.47 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байжээ. Үүний улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автаж, 98 оршин суугч угаартаж, амиа алдаж болзошгүй байдалд оржээ.

Аврагчид шуурхай ажиллан галыг унтрааж, 98 иргэнийг гаргаж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж, яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирсан тул эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ