Бритни Грайнер Олимпод оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-12 10:42:59

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 12 /TASS/. Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны (WNBA) “Финикс Меркури” багийн төвийн тоглогч Бритни Грайнер Парисын олимпод өрсөлдөх АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Энэ тухай АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлэв.


Түүнчлэн Эйжа Уилсон, Келси Плам, Жеки Янг, Челси Грей (“Лас-Вегас Эйсес” багийн тоглогчид), Брианна Стюарт, Сабрина Ионеску (“Нью-Йорк Либерти”), Дайана Таурази, Кали Коппер (“Финикс Меркури”), Алисса Томас ("Коннектикут Сан"), Нафиса Коллиер ("Миннесота Линкс"), Жуэл Лойд ("Сиэтл Шторм") нар багтжээ. 


Б.Грайнер 2022 оны хоёрдугаар сард Шереметьево нисэх онгоцны буудлаар ОХУ руу хууль бусаар гашишийн тос авч орохыг завдсан хэргээр баривчлагдаж, 9 жилийн хорих ял сонссон юм. 2022 оны 12 дугаар сард АНУ, ОХУ-ын талууд ялтан солилцох тохиролцоонд хүрч, Б.Грайнерыг Оросын Виктор Бутаар солилцсон билээ. В.Бутыг 2008 онд АНУ-ын талын хүсэлтээр Тайландад баривчилжээ. Түүнийг АНУ-д террорист байгууллага гэж үздэг “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин” гэдэг бүлэглэлд хууль бусаар зэвсэг нийлүүлсэн хэрэгт буруутгасан байна. Баривчилснаас хоёр жилийн дараа В.Бутыг АНУ-ын талд шилжүүлэн өгсөн бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сард түүнд 25 жилийн хорих ял, 15 сая ам.долларын торгууль оноожээ.


Өдгөө 33 настай Грайнер 2023 оноос хойш “Финикс Меркури” багт тоглож байгаа юм. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа (2014, 2018), Олимпын наадамд мөн хоёр удаа (2016, 2020) түрүүлсэн. Баривчлагдахаасаа өмнө тэрбээр Екатеринбургийн багт тоглож байсан бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлж байсан юм.


АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг сүүлийн долоон олимпод түрүүлсэн билээ.

Холбоотой мэдээ