СЭЛЭНГЭ: Монгол орны умард хэсэгт орших Сэлэнгэ нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-21 11:53:02

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг нь 120 гаруй мянган хүн ам, 17 сум, 6 тосгонтой, дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол орны умард хэсэгт Орхон-Сэлэнгийн ойт хээрийн бүсэд 42.8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзлэн оршдог.

 

Зүүн талаараа Хэнтийн нуруу, баруун талаасаа Хангайн нурууны салбар болох Баянхан, Бүрэнхан, Бүтээл, Дулаанхан, Дэлгэрхан, Сонгоол зэрэг томоохон уул нуруудаар хүрээлэгдэн байдаг.

 

Мөн Цагаан, Гүн, Гялаан, Дангаа, Ишгэнт зэрэг нуур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Зэлтэр, Хүдэр, Цөх, Шарын гол зэрэг том жижиг 86 гол, мөрөнтэй.

 

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар 43, түүх, соёлын дурсгалт газар 84, эмчилгээ сувилгаа, рашаан ус, эмийн ховор ургамалтай 11 газар байна.

 

Монгол Улсын ойн сангийн 12 хувь, урсгал усны 40 хувь, улсын болон орон нутгийн чанартай 1100 км автозам болон Сэлэнгэ аймгийн 7 сумын нутгаар Монгол-ОХУ-ын хамтарсан Улаанбаатар төмөр зам дайран өнгөрдөг.

 

Мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн 9.3 хувийг улсын болон орон нутгийн чанартай, тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг зэрэг нь аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөлийг бий болгож байгаа юм.

 

Түүнчлэн аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй жуулчны бааз, амралтын газар, 40 гаруй том, жижиг зочлох үйлчилгээний байгууллага жуулчдыг хүлээн авч үйлчилж байна.

 

Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын стратегийн нөөцүүд:

 

-ОХУ болон Сэлэнгэ аймгийн хооронд 2 жил тутам зохион байгуулдаг “Эв” модны наадам

-Таван хан уулын тахилга

-Амарбаясгалант хийд Бумбаны баяр, Цам харайх ёслол

-Ардын журамт цэргийн түүхэн замнал

-Ургацын баяр

-Алтанбулаг Худалдааны чөлөөт бүс, хил орчмын аялал жуулчлал Алтанбулаг-Ардын хувьсгалын өлгий /Анхны түр Засгийн газрын байр, Консулын байр, анхны Банк, анхны Аптек гэх мэт/

-Хаврын ойжуулалт, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 

-Усан аялал зэрэг юм.

 

Холбоотой мэдээ