ХОВД: "Өглөөний хүн" уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-21 12:15:35

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь 2021 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Тус зөвлөл орон нутгийнхаа залуусын хөгжил, оролцоог сайжруулах, тэднийг дэмжих, санал бодлоо нээлттэй хуваалцах үүднээс 2024 онд 16 онцлох ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүний нэг бол "Өглөөний хүн" сэдэвт уулзалт байлаа.

Уулзалтын хүрээнд залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, тэдний эрүүл мэндийн өнөөгийн байдал, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой хөгжил, бодит оролцоо, түншлэл, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр ярилцсан байна.   

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн нийт хүн амын 34.2 хувийг 15-34 насны залуус эзэлж байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 51.4  хувь нь залуус юм.

Иймд залуусын амьдралд тулгамдаж байгаа асуудлыг салбар бүрээр нь судалж, гарц шийдлийг хамтын оролцоотой тодорхойлох нь чухал гэж Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд хэллээ. 

Өнөөдөр хоёр дахь удаагаа өрнөсөн "Өглөөний хүн" уулзалтыг цаашид долоо хоног бүр мягмар гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.   

Холбоотой мэдээ