ОХУ, Турк хоёр хамтын ажиллагааны хөтөлбөр батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-10 11:07:10

МОСКВА. /TASS/. Ирэх оны нэгдүгээр сард ОХУ болон Турк улс эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр батлах төлөвтэй байна гэж Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдэв.

“Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт гайхалтай дэвшил гарсан. Үүний зэрэгцээ хоёр улсын харилцааны хууль эрхзүйн үндсийг тавихад ахиц гарлаа. Мөн эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн төсөл ерөнхийдөө бэлэн болсон” гэж тэрбээр “Россия-24” телевизэд ярилцлага өгөхдөө дурдлаа.

Мөн тэрбээр хэлэхдээ “бид санал зөрөлдөөнийг арилгаж, баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон. Ирэх нэгдүгээр сард болох хамтын ажиллагааны дээд түвшний зөвлөлийн хурлын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн оролцоотойгоор уг баримт бичигт гарын үсэг зурна” гэж мэдэгдсэн байна.

Харин Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зейбекки энэ талаар мэдэгдэхдээ, хамтын ажиллагааны хөтөлбөр дөрвөн жилийн хугацааг хамрах бөгөөд талууд чөлөөт худалдааны хэлэлцээрийг 2017 онд багтаан байгуулна гэлээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ