УИХ-ын дэд даргаар Д.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-05 11:31:07

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсан тухай тогтоолыг уншиж танилцууллаа.


Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, батлав. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн тухай бүлгийн дарга нь танилцууллаа.  Улмаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжлээ. Харин Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг дэвшүүлсэн бөгөөд түүнийг 100 хувийн саналаар сонгов.


Түүнчлэн АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг, МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонгосон юм. Үүнээс гадна өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдыг батламжлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН 68 суудал авч, олонхийг бүрдүүлсэн тул Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ улиран томилогдож, ажлаа үргэлжлүүлэх болж байна. Иймээс УИХ-аас Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах юм.


Одоо нэгдсэн хуралдаан гурав асуудлаас эхлэн хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбоотойгоор АН-ын бүлэг 20 минутын завсарлага авсан байна. Үргэлжлүүлэн 

-Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал

-Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал

-Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал

-Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр баталжээ.  

Холбоотой мэдээ