АНУ-д аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-07-07 11:49:48

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 7 /VOA/. АНУ-ын Зүүн эргээс Баруун эрэг рүү улам бүр тархах төлөвтэй байгаа халуун агаарын урсгалын нөлөөгөөр ирэх долоо хоногт хэт халж, халууны нөлөөнд ойролцоогоор 130 сая хүн өртөх төлөвтэй байгааг цаг уурчид анхаарууллаа.  


Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, хэт халж, агаарын чийгшил хэт өндөр байгаагийн улмаас АНУ-ын Номхон далайн баруун хойд эргийн зарим хэсэг, Атлантын далайн дунд ба зүүн хойд эрэгт агаарын температур Цельсийн 38 хэм давж халах төлөвтэй байгаа ба баруун эргийн Орегон муж улсын Южин, Портланд, Салем зэрэг хотуудад температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдэж магадгүй байна.


АНУ-ын баруун өмнөд нутгийн Аризона муж улсын Буллхед-Ситигээс зүүн нутгийн Виржиниа муж улсын Норфолк хот хүртэл аагим халуун шатах төлөвтэй байна. 


Дэлхий дээрх хамгийн халуун газруудын нэг болох Калифорнийн Үхлийн хөндийд баасан гарагт өдөртөө Цельсийн 52.8 хэм хүрчээ. Ойрын хугацааны урьдчилсан мэдээгээр, ням гарагт Үхлийн хөндийд 53.8 хэм хүрч халах төлөвтэй байгаа бол лхагва гараг хүртэл 54.4 хэм орчим байх төлөвтэй байна. Дэлхий дээр цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр температур энэ хөндийд бүртгэгдэж байв. 1913 оны долоодугаар сард Үхлийн хөндийд Цельсийн 56.67 хэм хүрчээ. 


Барууны эргийн ихэнх нутгаар ирэх долоо хоногт агаарын температур дунджаас 8-16 хэмээр халах төлөвтэй байна гэж Үндэсний цаг уурын алба мэдээлсэн байна.


АНУ-ын зүүн хэсэгт ч мөн аагим халуун байх бөгөөд Балтимор, Мэрилэнд муж улсуудад 43 хэм хүрч халах төлөвтэй байгаа тул сэрэмжлүүлэг гаргажээ.  


Холбоотой мэдээ