СЭЛЭНГЭ: "Алтан гадас" одонт Түшиг сумын 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-15 13:22:59

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Зэлтэрийн сангийн аж ахуй буюу Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг байгуулсан түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойн баяр наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд нэгэн зууны түүхээ нэр төртэйгөөр бүтээж яваа Түшиг нутгийн зон олондоо Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр сум байгуулсан архивын хуулбарыг, талархал, орон нутгийн бүтээн байгуулалтад зориулах нэг зуун сая төгрөгийн батламжийн хамт сумын удирдлагуудад гардуулан өгөв.  

 

 

Атар газрын анхны шан татсан Түшиг нутгийн арав арван жилийн алтан намрын талбайд эх орон элгэн түмнээ экологийн цэвэр хүнсээр хангах тариа буудай сугсран байдаг юм. Өнөө ч энэхүү эрхэм үүргээ Түшиг сумын тариаланчид биелүүлсээр явна.

 

Лаврын Сумъяа бэйсийн түүхэн улбаат энэ нутагт "Хөхөө гэрлэх дөхлөө" киног хийж, олон залуусыг тариан талбайн өрнүүн их ажилд урин дуудаж байв. Атраар овоглож, алдраа мөнхөлсөн “Зэлтэр”-ийн САА эдүгээ Түшиг сайхан нэрээр алдаршин байна.

 

Зэлтэрийн САА-гаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат агрономич С.Санжсүрэн, “Атрын 2 дахь аян эндээс эхэлж, бид 5000 га хагалах даалгавартайгаар ажлаа эхэлж байлаа. Тухайн үед бид ажлын 15 хоногт 5535 га газар хагалсан байдаг. Жинхэнэ атар хагалалт “Зэлтэр”-ийн САА-д хоёр удаа болсон юм шүү дээ” хэмээн дурсан ярьсан байдаг.

 

Атар газар эзэмших анхны уриа дуудлагаар залуучууд манлайлан атрын сангийн аж ахуй байгуулах нэр хүндтэй үүргийг хүлээжээ. Тухайн үеийн төр засгийн бодлого шийдвэрээр атрын 4 сангийн аж ахуй байгуулсны нэг нь 1959 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 156 дугаар тогтоолоор байгуулсан Зэлтэрийн сангийн аж ахуй юм.

 

Атар эзэмших анхны гараанд МХЗЭ-ийн илгээлтээр 60 гаруй залуу ирж, Зэлтэрийн сангийн аж ахуйн тулгын чулууг тулалцсан байна. Зэлтэрийн сангийн аж ахуй нь 35 трактор, долоон машинтай, 2.0 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгуулжээ.

 

Атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуй байгуулахад “Гэрэлт зам” нэгдэл татан буугдаж, нэгдлийн гишүүн 160 гаруй өрх айл, 30 мянга гаруй толгой малтайгаа сангийн аж ахуйд нэгджээ. Атар газар эзэмших аянд манай улсын нэр цуутай хүмүүс оролцож байсан байна.

 

Улсын аварга Ш.Батсуурь анхны жолоочоор ирж байсан бол цуутай бөх Завханы Лхагва арслан барилгын даамлаар, улсын заан С.Гүржав ҮЭ-ийн хорооны даргаар, улсын начин Г.Санжаасүрэн ХАА-н ерөнхий механикаар, аймгийн арслан Авирмэд, аймгийн заан Банди нар мал аж ахуйн мэргэжилтнээр, аймгийн арслан Одонгарав, циркийн жүжигчин Бадарч, Юра, агаарын гимнастикч Б.Боря, С.Огноо, Хишигт, хөгжимчин Довчин, дуучин Б.Эвшин, хөгжмийн багш Дорж нар илгээлт өвөрлөн энэ нутагт ирж ажиллажээ.

 

Сангийн аж ахуй байгуулах нөр их хөдөлмөрийн анхны гараанд зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж тусалж байсан байна.

 

Зэлтэрийн сангийн аж ахуйн анхны шанг Барчингийн ард татсан бөгөөд тэр жилээ 1000 гаруй га газар хагалжээ. Зэлтэрийн сангийн аж ахуйд хуваарилсан 35 тракторыг Сэлэнгэ мөрөн үертэйн улмаас Оросын хилээр дамжин Бооцын хилийн заставаар орж ирэхэд нутгийн иргэд хадаг, сүү барин угтаж авсан байдаг.

 

Энэ сангийн аж ахуйн хамт олны бүтээлч хөдөлмөрийг Ю.Цэдэнбал дарга өндөр үнэлж баярын цахилгаан хоёр удаа ирүүлж байсан бол МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны дипломоор 2 удаа шагнуулж, 5 дугаар таван жилийн гавшгайч хамт олон дурсгалын диплом, 1988 онд га-гаас 26 цн ургац хурааж, атар газар эзэмшсэний 30 жилийн ойн Улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч байсан байна.

 

100 жилийн түүхтэй Түшиг сум, хуучнаар Зэлтэрийн САА нь төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнуулсан анхны сум гэдгээрээ онцлог. Энэхүү хүндтэй шагналыг 2019 онд атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоор хүлээн авч, Сэлэнгэ аймгийн 17 сумаасаа анхны "Алтан гадас" одонт сум болсон юм.

 

Сэлэнгэ аймгийн Түшиг сум нь Сүхбаатар хотоос 135 км, Улаанбаатар хотоос 450 км, урд талаараа Цагааннуур сумтай, баруун талаараа Булган аймгийн Сайхан сумтай, зүүн талаараа Сүхбаатар сумтай, хойд талаараа ОХУ-ын Буриад улсын Джида аймагтай хиллэдэг, Монгол, Оросын хилийн боомт хүртэл 7 км зайтай оршдог.

 

Өнөөдөр тус сум орон нутаг төр төсвийн 5 байгууллага, газар тариалангийн 9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1700 гаруй хүн ам, 527 өрх, 51 мянга гаруй толгой малтай болжээ.

 

Зэлтэр нутгаас Хөдөлмөрийн баатар Л.Чинбат захиралтай “Гацуурт” ХХК, Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Ш.Норовсамбуу захиралтай “Анхтамир” ХХК, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат тариаланч С.Баатар захиралтай “Бооцын тариа” ХХК-ууд энэ нутагтай холбоотой төдийгүй Монгол Улсын газар тариалангийн салбарт улсын 12 удаагийн аварга болсон атрын анхны САА гэдгээрээ түүхэн бахархалтай нутаг юм.

 

Түшиг сумынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний аюулгүй байдлын хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим үйл ажиллагааны талаарх тогтоолын хэрэгжилтийг хангаж, тариалангийн талбайн газар ашиглалтыг сайжруулах, ургамал генетикийн нөөцийн ашиглалт хамгаалалтыг хангаж, нутагшсан сортын нөөцийг бүрдүүлж, тариалалтыг нэмэгдүүлэх, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон ашигт ургамлыг тариалах зорилго тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ