Нагоя башёг монгол бөхчүүд тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-17 10:17:36

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын Нагоя башё эхэлжээ.


Тус башёд мэргэжлийн сумогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан Монголын 21 сумоч таван зиндаанд хүч үзэж байна. Оошёома П.Дэлгэрбаяр, Тамаваши Б.Мөнх-Оргил нар зүүн баруун жигүүрийн есдүгээрт эрэмбэлэгдсэн. Озэки цолоо алдаад буй Киришима Б.Лхагвасүрэн заавал 10 болон түүнээс дээш давах даалгавартай.


Киришимагийн хүзүү гэмтсэн учир өрсөлдөгчтэйгээ ширүүн тулж чадахгүй байгаа. Гэсэн ч тэр гурван даваатайгаар башёг тэргүүлэгчдийн эгнээнд бий. Түүний хувьд Нагоя башёгийн өмнө Арасио, Тацүнами болон Сакаигава” дэвжээнд зочлон бэлтгэлээ хангасан байна. Бэлтгэлийн дараа тэрбээр “Би ийм хүнд бэлтгэл барилдаан хийж болж байгаа юм чинь ирэх башёд дажгүй сайн барилдах байх. Ер нь хүзүүгээ ашиглаж барилдахгүй л бол цаашид сумод үргэлжлүүлэн барилдаж чадахгүй шүү дээ. Тиймээс хүзүүний гэмтлээ эдгээж, хүнд хэцүүг давж гарах л ёстой” хэмээн өгүүлсэн байна.


Гурван өдрийн дараа макүүчид барилдаж буй манай бөхчүүдээс 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки цолоо эргүүлэн авах дайралт хийж буй Киришима Б.Лхагвасүрэн, маэгаширагийн барууны есдүгээрт эрэмбэтэй Оошёома П.Дэлгэрбаяр нар гурван даваатай башёг тэргүүлж байгаа бол озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгашира зүүний есдүгээрт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил нар хоёр даваатай нэхэж байна. Харин Рога А.Амарсанаа нэг даваатай бол Чиёошома Г.Мөнхсайхан макүүчид зиндаанд эргэн ирсэн ч бэлтгэлийн үеэр бэртэл нь сэдэрснээр башёг өнжихөөр болов.


Тэгвэл жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Онокацү Б.Чойжилсүрэн гурван даваатай тэргүүлэгчдийн эгнээнд яваа бол Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр, Тамашохо Э.Энхманлай нар нэг давжээ.


Ташрамд сонирхуулахад, Монголын сумочид Нагоя башёд хамгийн олон удаа түрүүлсэн байдаг. Тодруулбал, 101 түрүүгээс 19-ийг нь Нагоя башёгоос авсан байна.

 

Холбоотой мэдээ