ДОРНОГОВЬ: Хатанбулаг сумын түүхт 100 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-22 13:46:36

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ оны долоодугаар сарын 19-21-нд тохиолоо.


Газар нутийнхаа хамжээгээр аймагтаа нэгд жагсдаг, 230 гаруй мянган толгой малтай, хүн амын тоогоор аймагтаа эхний тавд бичигддэг, төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдсон, төмөр замын сүлжээтэй гээд тус сумын нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлт бусад сумаас илүү юм.


Хатанбулаг сум 2018, 2019, 2021, 2023 онд Дорноговь аймгийн шилдэг сум,  2022 онд Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сум болж байсан бол 2023 онд улсын тэргүүний сумаар шалгарсан. Гуч гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч, эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутны өлгий, эртний хүмүүсийн сүг зураг буюу байгалийн урлан цогцолсон нутаг.


Мөн эзэнт гүрний үеийн өртөө замын үргэлжлэл, алдарт Сулинхээрийн хязгаар, эртний түүхийг өгүүлэх Хутаг уул, Эргэлийн зоо дүнхийж, Хатны булаг гэх говийн баян бүрд зэрэглээтэж, домогт Мандухай хатны үйл хэргийн гэрч болсон түүхэн дурсгалт олон газар бий.




Монголын урлагийн орчин цагийн суутнууд болох БНМАУ-ын Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид, Монгол Улсын Ардын зураач Лувсангийн Гаваа, Хурандаа генерал Сономын Лувсангомбо, Хөдөлмөрийн баатар тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж гээд алдар цуутнууд мэндэлжээ.


Наадмаар зургаан насны морь, сонгомол гурван насны морьд уралдаж, 128 бөх барилдаж, сур харваа, шагайн харвааны тэмцээн наадгай болсон байна.

Холбоотой мэдээ